Цаг агаар
Байгалийн болон бусад vзэгдэл, vйл явцууд дотроос цаг агаарын байдал ихээхэн хувьсал єєрчлєлттэй байдаг. Цаг агаарын энэхvv хувьсал єєрчлєлтийг давтагдах єєрчлєлт, үл давтагдах єєрчлєлт гэж хоёр ангилдаг. - Давтагдах єєрчлєлт нь жилийн явц, хоногийн явцаар тодорхойлогдоно. Vvнийг цаг уурын элементvvдийн єдєр тутмын болон сар жилийн явцаар илэрхийлнэ. Єєрєєр хэлбэл цаг уурын давтагдах єєрчлєлт нь цаг уурын элементvvдийн єдєр сар жилийн явц буюу дэлхий тэнхлэгээ эргэх, мөн нарыг тойрон эргэх явцтай холбоотой юм. Энэхvv давтагдах єєрчлєлтєєр цаг уурын нєхцєл байдал тодорхойлогдоно. - Vл давтагдах єєрчлєлт нь янз бvрийн газарзvйн гаралтай агаарын массуудын шилжих хєдєлгєєнтэй холбоотой. Агаарын даралтын єєрчлєлт нь цаг агаарын байдал єєрчлєгдєх vндсэн эх сурвалж болдгын хувьд даралт буурвал хур бороо орох, салхи шуурах зэргээр цаг агаарын байдал өөрчлөгддөг бол даралт тогтвортой эсвэл өсөж байх үед тогтвортой байдаг зүй тогтолтой юм. Агаарын масс ба түүний цаг агаарын байдалд нөлөөлөх нь Цаг агаарын хувьсалт єєрчлєлтєнд нєлєєлөх єєр нэг хvчин зvйл бол агаарын масс (цул) юм. Агаарын масс бол агаар мандлын ерөнхий орчил урсгалын үндсэн элементийн нэг бөгөөд ямар нөхцөл бүрдснээс нь хамааруулж агаарын массыг ангилан үздэг. Өөрөөр хэлбэл тэрхүү агаарын массын физик шинж чанар, газарзүйн ямар нөхцөлд бүрдсэнээс шалтгаална. Агаарын массын бүрэлдэн тогтоход дараах хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд: 1. Тухайн газар нутгийн газарзүйн нөхцөл 2. Гадаргын байдал 3. Цаг агаарын нөхцөл, улирлын ялгаа зэрэг хүчин зүйлээс хамаарч янз бүрийн агаарын масс бүрэлдэн тогтоно. Нэг төрлийн физик чанарыг хадгалан тодорхой газар зүйн байрлалд бүрэлдэн бий болсон антициклон гэж нэрлэгдэх их даралтын орон удаан хугацаагаар тогтооход нэг төрлийн агаарын масс бүрэлдэн бий болно. Их даралтын орон бүрэлдэн бий болсон нутагт тэнгэр ихэвчлэн цэлмэг байдаг ба нарнаас ирэх эрчим хүчний хэмжээ тухайн нутгийн хүрээнд бараг адил байна. Ийм учраас тухайн агаарын оршин тогтнож байгаа газрын гадаргын дулаан хүйтний байдал ерөнхийдөө жигд байна. Тухайн районд бүрэлдэн тогтсон агаарын массууд өөр газар бүрэлдсэн агаарын массаас шинж чанарын хувьд ялгаатай байдаг учраас янз бүрээр нэрлэгдсэн агаарын массууд дэлхийн бөмбөрцөгт бүрэлдэн тогтож байдаг. Нэг төрлийн агаарын масс нь тухайн үүсэж бүрдсэн газраасаа шилжин явахдаа өөрийнхөө шинж чанарыг нэлээд удаан хугацаагаар хадгалж байдаг зүй тогтолтой. Агаарын массыг температурынх нь байдлаар: o Дулаан агаарын масс o Хүйтэн агаарын масс гэж ангилдаг. Шилжилтийнхээ явцад дулаан агаарын массыг сольж байгаа агаарын массыг хүйтэн агаарын масс, хүйтэн агаарын массыг сольж байгаа агаарын массыг дулаан агаарын масс гэнэ. Түүгээр ч барахгүй тодорхой орон нутагт урт удаан хугацаагаар тогтож байгаа агаарын массыг орон нутгийн агаарын масс гэдэг. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын агаарын массыг тогтож байгаа нутаг орных нь нэрээр: o Арктикийн агаарын масс o Халуун орны агаарын масс o Дундад өргөрөгийн агаарын масс гэж 3 төрөлд хуваана. Эдгээр агаарын массыг үүсгэж байгаа газрын гадаргын ерөнхий байдлаар нь: o Эх газрын o Далай тэнгисийн гэж ялгадаг. дэлхий Арктикийн эх газрын агаарын масс нь бүтэн жилийн турш цас мөсөөр хучаастай байдаг Арктикийн районд үүсэж байдаг. Энэхүү агаарын массын шинж чанар гэвэл: 1. Газрын гадаргаас хүчтэй хөрдөг учраас агаар нь маш хүйтэн. Харин газрын гадаргаас дээшлэх тусам алгуур температур нь буурна. 2. Ууршил бага учраас үнэмлэхүй чийгшлийн хэмжээ бага байна. 3. Тухайн агаарт тоос, шороо бага байдаг учир агаарын тунгалагшил сайтай зэрэг юм. Арктикийн далай, тэнгисийн агаарын масс нь шинж чанараараа дээрхтэй төстэй боловч ялгагдах онцлог шинж бол ихээхэн чийглэг юм. Тропикийн эх газрын агаарын масс нь хамрах нутгийн хувьд Африкийн хойд хэсэг, Ойрхи Дорнод, Хятадын төв хэсэг, үүгээр ч барахгүй дулааны улиралд Европын өмнөд хэсэг, Казакстан, Дундад Ази, Монголын нутгаар үүсэж бүрддэг. Энэ агаарын масс газрын гадаргаас дээш ихээхэн өндөр хүртэл халдаг. Нөгөө талаас өдөр, шөнө солигдоход агаарын температур эрс өөрчлөгдөнө. Өдрийн цагт агаарын босоо урсгал хүчтэй явагдана. Газрын гадарга маш их халдаг учраас чийгээр ихээхэн дутагдаж шороон болон элсэн шуурга үүсэж бүрддэг болохоор тунгалагшилт муу байдаг. Тропикийн тэнгисийн агаарын масс нь субтропикийн бүсэд үүсэж бүрэлддэг. Үндсэн төлөв нь: - Агаарын температур их - Үнэмлэхүй чийг харьцангуй их байна. Дундад өргөрөгийн агаарын масс нь арктикийн болон тропикийн агаарын массын адил тодорхой шинж чанарыг төдийлөн илэрхийлдэггүй. Энэ агаарын масс нь арктикийн ба тропикийн агаар дундад өргөрөгийн газар нутгуудад шилжин ирж байршихад үүсдэг. Үндсэн шинж нь: - Харьцангуй ба үнэмлэхүй чийг ихтэй - Тодорхой орон зайд хугацаа болон чийгшил зэрэг элементүүд нь ихээхэн хувьсан өөрчлөгддөг. - Эх газар дээр тухайлбал, аж үйлдвэр их хөгжсөн томоохон хотуудад агаарын тунгалагшилт бага байна. Дундад өргөрөгийн эх газрын агаарын масс Зүүн Европ, Азийн хойд хэсэгт өвлийн улиралд үүсэж бий болдог. Тухайн агаарын массын шинж чанарын хувьд Арктикийн эх газрын агаарын масстай ерөнхийдөө төстэй. Харин дулааны улиралд эх газар дээрх дундад өргөрөгийн агаарын масс тропикийн эх газрын агаарын массын шинж чанартай төстэй байна. Дундад өргөрөгийн далай тэнгисийн агаарын масс нь дундад өргөрөгийн эх газрын агаарын масстай харьцуулахад нэлээд чийглэг, хүйтний улиралд дундад өргөрөгийн эх газрын агаарын массаас үлэмж их байдаг онцлогтой. Харин зуны улиралд эх газрын агаарын массаас хүйтэн байдаг. Манай орны нутагт жилийн улирлын туршид дундад өргөрөгийн эх газрын агаарын масс байрлаж байдаг боловч арктикийн эх газрын агаарын масс нэвтрэн орж ирэх тохиолдол олон байдаг. Харин зуны улиралд Дундад Ази, Хятадын нутгаас тропикийн эх газрын агаарын масс нэвтрэн орж ирнэ. Агаарын массууд анх үүссэн газраасаа байнга шилжин нүүж байдаг бөгөөд шилжин очсон газрынхаа цаг агаарын байдлыг тодорхойлж байдаг. Тухайлбал, сэрүүн бүслүүрт туйл орчмын болон дулаан орны агаарын масс шилжин ирэхэд цаг агаар тогтворгүй болох үндэс болно. Агаарын массын шилжилтээр тухайн нутаг орны температур, чийгшил хамгийн түрүүнд өөрчлөгдөх бөгөөд шилжин нүүж буй агаарын массын чиглэл, хурдыг тодорхойлох нь цаг агаарын байдлыг урьдчилан мэдэх үндэс болдог. Агаарын фронт, түүний цаг агаарт нөлөөлөх нь Агаар мандлын хоёр өөр шинж чанартай агаарын массын хооронд орших онцгой бүсийг агаарын массын фронт гэнэ. Энэ нь агаар мандалд газрын гадаргаас дээш ямагт налуу гадаргуу хэлбэртэй оршдог. Үүнийг фронтын гадаргуу гэж нэрлэнэ. Агаар мандлын фронтын гадаргуу газрын гадаргатай эсвэл ямар нэгэн түвшинд огтлолцоход үүссэн шугамыг фронтын шугам гэж нэрлэнэ. Фронтын бүсийн өргөн нь хэвтээ чиглэлд хэдэн арван км, фронтын гадаргуугын зузаан хэдэн зуун метр хүрч байдаг. Энэхүү фронтын гадаргуу газрын гадаргатай үүсгэсэн өнцөг янз бүр байна. Тухайн газар орон дахь фронтын бүсээр зааглагдсан агаар мандлын цаг агаарын элементүүдийн байдал ба шинж чанар өөр хоорондоо ихээхэн ялгаатай байна. Тийм учраас аливаа нэгэн фронт дайран өнгөрөхөд цаг агаарын төлөв байдал хувьсан өөрчлөгддөг. Тухайлбал хур тунадас унах, салхи шуурга үүсэх, агаарын температурт огцом өөрчлөлт гарах явдал ажиглагдана. Арктикийн болон дундад өргөрөгийн агаарын массын хооронд үүссэн фронтыг арктикийн фронт, дундад өргөрөг, тропикийн агаарын массын хооронд үүссэн заагийг сэрүүн өргөрөгийн фронт, тропикийн ба экваторын агаарын массын хоорондох заагийг буюу фронтыг тропикийн фронт гэж тус тус ангилна. Эдгээр гурван төрлийн фронт тасралтгүй шилжин байрлаж тухайн нутаг орны цаг агаарыг өөрчилж байдаг. Хоёр өөр температуртай агаарын массын хооронд үүссэн фронтыг дулаан фронт ба хүйтэн фронт гэж ялгах бөгөөд ингэж ангилахад дараах зарчмыг баримтална. Хэрвээ дулаан агаар хүйтэн агаарын зүг шилжиж байвал түүнийг дулаан фронт, харин хүйтэн агаар дулаан агаарын зүг шилжиж байвал хүйтэн фронт гэнэ. Фронт нутаг орныг дайран өнгөрвөл тухайн нутаг орны цаг агаар эрс өөрчлөгдөнө. Тухайлбал, дулаан фронт нутаг орныг дайран өнгөрвөл цаг уур дулаарч, удаан хугацааны зөөлөн тунадас унадаг бол хүйтэн фронт үүсэхэд хүйтэрч, богино хугацааны, эрч ихтэй тунадас унаж, салхи шуурга үүснэ. Газар дээрх хүйтэн агаар газрын гадаргатай ихээхэн хэмжээний үрэлт үүсгэдэг учраас хүйтэн фронтын гадаргуу газрын гадарга орчим нилээд эгц байна. Харин дулаан агаар дээрхийг бодвол үрэлт үүсгэдэггүй учраас дулаан фронтын гадаргуу газрын гадаргад налуу байна. Аливаа нутаг орон дээгүүр дулаан фронт шилжин өнгөрхөд дулаан агаар нь хүйтэн агаараас их хурдтайгаар шилждэг учир хүйтэн агаарын дээгүүр гулсах замаар дээшээ хөөрөх ба өгсөх хөдөлгөөн эрчимтэй явагдана. Дээш хөөрөхдөө адиабатаар хөрч байгаа дулаан агаарын дотор усны уурын өтгөрөлт явагдаж үүл үүсэж хөгждөг. Аль ч фронтын үед тунадас үүсдэгийн учир нь үүнтэй холбоотой юм. Адиабат - Орчноосоо хамааралгүйгээр дулаан нь дотооддоо өөрчлөгддөг агаарын төлөв байдлыг адиабат процесс гэнэ. Ер нь агаарын температур дотоод энергийнхээ тэлэх ба шахагдах үйл ажиллагаанаас болж өөрчлөгдөнө. Тухайлбал агаар шахагдах буюу нягтрахад даралт болон дотоод энерги багасаж улмаар температур нь буурна. Адибат халалт - Орчинтойгоо ямар нэгэн хэмжээгээр дулаан солилцохгүйгээр агаар уруудах хөдөлгөөнд ороход агаарын температур нэмэгдэх үзэгдлийг хэлнэ. Энэ процесс явагдахад агаар нягтарч байгаа болохоор даралт температур нэмэгдэнэ. Адиабат хөрөлт - Дээрхийн адил агаар орчинтойгоо ямар нэгэн хэмжээгээр дулааныг солилцохгүйгээр хөөрч, тэлснээр түүний температур буурах үзэгдэл юм. Энэ үед агаар усны уураар ханаж үүл үүсэх нөхцөл бүрдэнэ. Ийм учраас хур тунадас орох нөхцөл бүрдэнэ. Ийнхүү үүсэж байгаа үүл дулаан фронтын гадаргуугийн дагуу үүлний бүхэл бүтэн системийг бүрдүүлж өгдөг. Дулаан фронтод ихэнх тохиолдолд борооны давхраат үүл үүсэж бүрддэг. Ийм болохоор тухайн фронт оршиж байгаа нутаг оронд зүсэрсэн хур тунадас унадаг. Энэ хэлбэрийн хур тунадас бол 10-12 цаг, түүнээс илүү хугацаагаар ажиглагдана. Хүйтэн фронтын онцлог шинж бол хүйтэн агаар дулаан агаартай харьцуулахад хурдан шилждэг, жин хүнд байдаг учраас дулаан агаарын доогуур шурган орж дулаан агаарыг дээш нь шахаж өгдөг. Ийм болохоор шахагдаж байгаа дулаан агаар дээш хөрч адиабатын процессоор хөрснөөс шалтгаалж үүл үүснэ. Дулаан агаар хүйтэн фронтын гадаргуугийн дагуу дээш хөөрч байгаа үед үүлний байрлал агаарын урсгалын эсрэг чиглэлд дулаан фронтын үүлний системтэй адил болно. Хүйтэн фронт дээр ихэвчлэн борооны бөөн, борооны давхраат зэрэг ихээхэн хур тунадас унадаг үүл үүсдэг болохоор эрч хүч ихтэй буюу аадар бороо орно. Агаар мандлын ерөнхий орчил урсгал, цаг агаарын байдалд нөлөөлөх нь Цаг агаарын өөрчлөгдөх шалтгааныг үнэн зөвөөр танин мэдэхийн тулд агаар мандлын ерөнхий орчил урсгалыг судлах хэрэгтэй юм. Маш өргөн уудам нутгийг хамарсан, цаг агаарын байдалд гол нөлөө үзүүлдэг агаарын томоохон хэмжээний хөдөлгөөнийг агаарын орчил урсгал гэж нэрлэнэ. Хэрвээ дэлхийн гадарга уул нуруугүй нэг төрлийн тэгш талаас тогтсон, мөн дэлхий эргэдэггүй байсан бол агаарын урсгал маш энгийн, өөрөөр хэлбэл, туйл экваторын хооронд л байх байжээ. Нэгэнт ийм биш болохоор агаарын хөдөлгөөний чиглэл, үйлчлэл зэрэг нь өөрчлөгддөг. Циклон Агаарын орчил урсгалд салхи, фронт, циклон, эсрэгциклон зэргийг хамруулдаг юм. Бид тогтмол салхинууд болох пассат, баруун зүгийн салхи, муссоны талаар салхи гэсэн бүлэгт үзсэн тул энд циклон, эсрэгциклоны талаар авч үзнэ. Циклон: Их хэмжээний орон зайг эзэлсэн төвдөө даралт хамгийн бага байх, хөдөлгөөнтэй бага даралтын мужийг циклон гэдэг. 3000 км, түүнээс дээш диаметртэй, өндөр нь 20 км түүнээс дээш бөгөөд битүү изобараар зурагдана. Циклонд агаарын урсгал захаасаа төврүү, цагийн зүүний эсрэг чиглэлтэй хуйлрааг үүсгэнэ. Циклонд агаарын өгсөх, уруудах урсгал их хүчтэй хөгжиж байдаг. Ийм учир циклонд цаг агаарын байдал огцом өөрчлөгдөн хувирч байдаг бөгөөд энэхүү өөрчлөлт агаар мандлын фронт байрласан циклоны тэр хэсэгт эрчимтэй явагдана. Циклоны цаг агаарын байдал үүлэрхэг, салхи ихтэй, хур тунадастай, тогтворгүй бөгөөд өвөл түр зуур дулаарах ба зун сэрүүснэ. Циклоны шилжих хурд нь 30-40 км/цаг ба тухайн газраа 2-4 хоног байх боловч энэ богино хугаццанд цаг агаарын байдлыг ихээхэн өөрчилдөг. Эсрэгциклон: Төвдөө их даралттай, хөдөлгөөнтэй хүйтэн гадарга дээр үүссэн, их даралтын мужийг эсрэгциклон буюу антициклон гэж нэрлэдэг. Төвдөө агаарын даралт их учир агаар уруудах хөдөлгөөнд оршино. Иймд антициклонд үүл үүсэх нөхцөл үгүй болж, тэнгэр цэлмэг, хур тунадасгүй, тогтуун цаг агаар бүрэлдэн тогтдог. Тогтвортой эсрэгциклон үүсдэг газрууд бол Арктикийн зүүн, Антарктик, өвөл Зүүн Сибирь зэрэг юм. Циклон ба эсрэгциклон нь кориолисийн хүчний улмаас болж саатсан өргөрөг хоорондын агаарын дулааны солилцоонд гол үүрэг гүйцэтгэдэг билээ. Манай орны хувьд өвөл эсрэгциклон тогтвортой байрладаг болохоор тэнгэр цэлмэг, хур тунадасгүй, салхи шуурга бага, шөнөдөө хүйтэн, өдөртөө төдийлөн дулаардаггүй. Харин дулааны улиралд циклон зонхилдог болохоор цаг агаарын төлөв байдал ихээхэн хувьсамтгай юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment